
АДАПТ төсөл нь 2022 онд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний нөлөөллийг сааруулах, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын дасан зохицох чадавхийг дээшлүүлэхэд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг хэрэгжүүллээ. Үүнд:
Төслийн зорилтот 4 аймгийн экосистем, бүс нутгийн онцлогийг харгалзан татмын ойн нөхөн сэргээлт, булгийн эхийг хашиж хамгаалах, хадлан, бэлчээрийн нөөц газрыг хамгаалах, нөхөн сэргээх, өвс, тэжээлийн агуулах барих, уст цэг шинээр гаргах зэрэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд тохиромжтой байршлыг тогтоов. Мөн судалгааны үр дүнд үндэслэн төслийн 6 жилийн хугацаанд хэрэгжүүлэх дасан зохицох арга хэмжээний төлөвлөгөөг гаргалаа.
Хамтын санхүүжилтийн механизмыг хэрэгжүүлэх хүрээнд төслийн 4 аймгийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгуулав. Ингэснээр тухайн аймгуудад гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлын 30 хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр болсон.
Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах арга зүй, аргачлалын төсөл, түүнчлэн гамшигт эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг үнэлэх “Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх” аргачлалыг тус тус боловсруулав.
Төслийн зорилтот аймгуудад нийт 106,8 га газрыг ойжуулалт хийх зорилгоор хашаалж ирэх жил 53’000 мод тарих боломжийг бий болгов. Мөн 6 булгийг хамгаалснаар 270 гаруй малчин өрхийн 180 мянга орчим малын ундны усны эхийг хатаж ширгэхээс сэргийллээ. Түүнчлэн зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс өвс, тэжээлийн агуулах, саравч барих ажлыг гүйцэтгэж байна.
АДАПТ төсөл нь 2023 онд нутаг дэвсгэрийн бодлого, төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлт, эрсдэл, эмзэг байдлыг харгалзан боловсруулах, салбарын албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, дасан зохицох ажлуудыг байгальд ээлтэй аргаар гүйцэтгэх, малчид, малчдын байгууллагын чадавхыг бэхжүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөлөө.
“БАЙГАЛИЙН ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН ХОХИРОЛ, ХЭРЭГЦЭЭНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГА, АРГАЧЛАЛ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХОВД АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Онцгой байдлын Ерөнхий газар болон “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийг менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс хамтран 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймагт “Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга, аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Сургалт, хэлэлцүүлгээр АДАПТ төслийн зөвлөхүүд Монгол оронд тохиолдох гамшигт үзэгдэл, тэдгээрийн хохирол, үнэлгээ боловсруулах арга зүй, салхи шуурганы хохирол хэрэгцээний үнэлгээ, үерийн хохирол хэрэгцээний үнэлгээ, ой, хээрийн түймрийн хохирол хэрэгцээний үнэлгээ сэдвүүдээр судалгаа, мэдээллийг танилцууллаа.
Оролцогчид ган, зуд, үер, салхи шуурга, ой, хээрийн түймрийн гамшигт үзэгдлийн хохирол үнэлгээ тооцох программыг ашиглан хохирол, хэрэгцээ тооцох аргачлалын жишээн дээр ажиллаж байна.
Хэлэлцүүлгийн дүнд орон нутгийн онцгой байдлын газар болон харьяа холбогдох байгууллагын албан хаагчдын санал, шүүмжийн дагуу “Байгалийн гамшигт үзэгдлийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх арга, аргачлал”-ыг сайжруулах юм.
Хэлэлцүүлэгт Ховд, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын төлөөлөл бүхий 30 хүн биечлэн оролцож байгаа бол цахимаар Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Архангай, Булган, Хөвсгөл, Дундговь аймгийн холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл хамрагдаж байна.
АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх зорилгоор Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудын 68 суманд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.
Төслийн зөвлөх багаас “Экосистемийн үйлчилгээг тооцох” судалгааны ажлын арга зүйг салбарын хүмүүс, эрдэмтэн, судлаачдад танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хаан” танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн дүнд зөвлөх үйлчилгээний багийн боловсруулсан судалгааны арга зүйд оролцогчдын саналыг тусган, төсөл хэрэгжих 4 аймгаас сонгож авсан Дорнод, Ховд аймгийн хэмжээнд тус арга зүйгээр экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг тооцох судалгааг гүйцэтгэх юм.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, салбарын эрдэмтэн, судлаачид, холбогдох төсөл хөтөлбөр, байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцлоо.