Малчин хүн бүрд өвлийг өнөтэй давах гэдэг чухал асуудал бий. Энэ жилийн өвлийн өнгө ямар байна вэ?

И.О.Манай нутагт цас ороод мал амны устай зүгээр байна. Цаашдаа  цас их орвол өвөлжилт хүндрэх  болов уу. Малаа хэрхэн онд оруулах, өвөлд бэлдэхэд малчин хүнээс их зүйл шалтгаална. Манайх өвөлжилтөд нэлээд сайн бэлдсэн болохоор санаа зовох зүйл бага байгаа гэхэд болно. Гол нь “Дунд идэш дулаан хэвтэр” гэдэг учраас манайх хашаа хороороо засаж нүх сүвийг бөглөн, хот хороогоо хуурай байлгахын тулд  өтөг бууцаа дэвсдэг, мөн үхрийн баасаар заваадаад малаа оруулахад бэлэн болгодог. Өвсний хувьд намар хадлан хадаж 10 гаруй машин өвс бэлддэг. Үүнээс гадна хивэг, малын уурагт тэжээл худалдан авч өвс, хужир шүү, жамц давс зэргийг долоолгохоор хотоос авдаг.

Малчид “Хүн малын нуруу амсхийлгэсэн өнөтэй өвөл болж байна гэж ярьдаг шүү дээ?

И.О.Өдөр тутмын ажил татарч, малын явдал  ч багасаж өнөтэй өвөлд малчид амсхийгээд хаврын нөр их ажилтай залгадаг даа.  Өвлийн улиралд хашаа хороо сайн байх нь мал өнөтэй өвөлжих үндэс болдог учраас өтөг бууцаа ойр ойрхон солих нь чухал байдаг.

 

https://www.youtube.com/watch?v=rknESX4lXO0&t=31s

Мал маллана гэдэг жилийн дөрвөн улирлын ажил шүү дээ.

Хэдэн жил мал маллаж байна вэ?

И.О. Арван хоёртойгоосоо хойш 20 гаруй жил мал дагаж одоогоор мянга гаруй толгой мал бэлчээрээр малладаг. Мал маллана гэдэг жилийн дөрвөн улирлын ажил шүү дээ. Хавар, зун, намар, өвөл бүхэнд малаа гэсэн сэтгэл зүтгэл байхад мал тарган байдаг. Зундаа туулга, тарилга хийлгэх нь хүртэл малын тарга тэвээрэг, хүч тамираа алдахгүй байхад их тус нэмэр болохоос гадна элдэв шимэгч хорхойноос мал салж байдаг юм. Хаврын улиралд мал хатах гээд байдаг учир сайн усалж усан тарга авхуулахыг хичээдэг.

Сүүлийн үед малчид фермерийн малыг сонирхдог, эрсдэл аюулгүй мал аж ахуй гэж их ярьдаг болжээ?

И.О. Миний хувьд малаа хээр, отроор байлгахыг илүүд үздэг. Өвөл малын хүчийг алдуулахгүйн тулд эртнээс малын тэжээл, хужир давсанд оруулчихдаг. Бэлчээрийн доройтол, мал олон болсон үеэс эхлэн бэлчээрийн хуваарилалт зэргээс үүдэн фермерийн аж ахуй гэж их ярьдаг болсон. Уламжлалт мал аж ахуй эрс тэс цаг ууртаа тохирсон ажил гэж боддог шүү.

Бэлчээрийн даац хэр байдаг вэ?

И.О. Бэлчээрийн даац багасаж байгаа нь үнэн хэдий ч зөв зохистой ашиглах нь чухал юм. Дээд талын ахмад малчид бусдын өвөлжөө хаваржааны ойр орчимд малаа бэлчээдэггүй байлаа шүү. Отроор явахдаа малд шимтэй өвс, ургамал, хужир шүүгээ харж бодож бэлчээдэг. Мал нэг таргалчихвал өвлийг өнөтэй давах, хаврыг төлийн хорогдолгүй давах үндэс болдог. Отор нүүдэл бол малд эрэлтэй өвс эрдэс бодисоо олж түүж байдаг сайн талтай.

Малаа борддог уу?

И.О. Буриадууд өвлийн ид хүйтэнд малаа бэлчээрт гаргалгүй борддог. Гэхдээ өвлийн сайхан өдөрт бэлчээрт гаргах, хөлийнх чилээг гаргалгүй яах вэ. Малын тамир алдагдуулахгүйн тулд бордох үе бий. Ер нь буриадууд өвөлд сайн бэлдэж хадлан тэжээлийг их авдаг эртний уламжлалтай, үлгэр жишээч зон олон. 

Хашаа хороог барихад учир их бий биз?

И.О. Салхины чигийг сайн тодорхойлж хашаагаа барих хэрэгтэй. Өвөл хашаа барихдаа уулын нөмөр нөөлөгтэй, нарны илч тусдаг, цас бага унадаг газрыг тооцоолж барих хэрэгтэй юм. Малчид чандмалж буугаад малдаа утаа үнэртүүлэх, нөмөрлөх зэргээр буудаг. Олон жил мал малласан хүний газар зүйн байрлал, ажиглалт, цаг агаарын таамаг чухал шүү.

Цаг агаарын мэдээг яаж авдаг вэ?

И.О. Ерөнхийдөө сар жилээр Цаг уурын газрын сайт зэргээс сараар нь авчихдаг. Мэдээж сарын сүүлээр, дундуур салхи шуургатай гэсэн мэдээлэл авчихаар малаа ойр бэлчээхээс гадна хашаа хорооноос гаргахгүй байх шаардлагатай. Цаг уураас гадна малын уураг тэжээлээ шуудангаар захиалаад авчихдаг даа. Энэ үйлчилгээ малчин хүнд хүрсэн ажил шүү.

Өвөл хүндрэх сургаар малаа зараад эхэлдэг малчид байдаг л даа?

И.О. Тийм ээ. Өвлийн идэш ч тэгж таардаг биз. Малын гаралтай түүхий эдийн үнэ тогтмол буурч ирлээ. Тиймээс боловсруулах, бүтээгдэхүүн хийх тал руу малчид явж байна. Түүхий эд, арьс шир боловсруулдаг үйлдвэр Улаанбаатар хотод баригдчихвал арьс ширний үнэ дээшлэх болов уу.  Тэгээд бүтээгдэхүүн хийгээд эхэлбэл сайхан. Малын түүхий эд үнэ цэнгүй хаягдаж буйг хараад малчин хүн бүр харуусч явдаг.

Та сая “АДАПТ” төслийн хүрээнд өвлийн бэлтгэлээ базааж тэжээл, дулаан хашаа хороогоо бэлтгэн малын тавлаг байдлыг хангасан малчин өрхөөр шалгарлаа. Баяр хүргэе?

И.О. Баярлалаа. Залуу малчдад их урам өглөө. Миний хувьд бусад малчдад санаа өгөх, өвөлд бэлдэхэд тус нэмэр болоход үлгэрлэсэн болов уу. Өвлийн бэлтгэл гэдэг санаа зовох зүйлгүй амьдрахын нэр юм аа. “Яаж хэдэн малаа онд оруулах вэ” гэж санаа зовох зүйлгүй байхыг хэлээд байгаа хэрэг.

Хөдөө нутагт малчин ховордсон, туршлага муутай залуус малаа онд оруулахдаа муу байна гэсэн шүүмжлэл байдаг?

И.О. Тулхтай малчид ховордсон гэдэгтэй нэг талаар санал нийлнэ. Гэхдээ шинэ залуу малчид залгамжлан гарч байгаа. Шинэ залуу боловсон хүчин гэх юм уу даа. Мал аж ахуйн салбарт шинжлэх ухаанч, ололтод техник технологи нэвтэрч байгааг хэрэгтэй. Хөдөлмөрийн бүтээмж өндөр, орчин үеийн өвсний автомат хадуур, цахилгаан саалтуур, ноосны хайч гээд шинэ зүйлүүд нэвтэрч буй нь сайн талтай.  

Ярилцлага өгсөнд баярлалаа.