Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ нь багасах асуудал юм. АДАПТ төслийн зорилтот аймгуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтөөс ундарга нь татарсан, орчных нь өвс, ургамал халцгайрсан, усны эх нь малын хөлд гишгэгдэж шаварт дарагдсаны улмаас экологийн доройтолд орсон булаг, бүрдүүд нэлээдгүй.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 20 гаран жил мал маллаж буй удам дамжсан малчин Ууганбаяр “Уур амьсгал өөрчлөгдөж байна. Зундаа бороо орохоо байгаад, өвөлдөө хүйтрээд ногоо гарахгүй, мал маллахад хүндрэлтэй болж байна. Малын тоо толгой ихсэж бэлчээр их талхлагдаж байна. Бэлчээрийг хамгаалахад аль болох отроор явах, эсвэл хүн нутагладаггүй газарт хариулах, малын тоог багасгах хэрэгтэй юм. Гэхдээ ус хавччихаад нэг дороо төвлөрдөг болчхоод байна шүү дээ” гэлээ. Мөн тэрээр “Миний мэдэхийн энэ хавийн булгууд ерөнхийдөө байхгүй дээ. Наран гээд энэ доогуур сайхан булагтай газар байсан. Одоо ёстой юу ч байхгүй боллоо. Үндсэн булаг одоо манай энд Баянзүрх л үлдэж байх шив дээ. Ерөнхийдөө байгаль, цаг уурын өөрчлөлт, малын даац хэтэрснээс мал бага усанд ихээр шавж булаг ширгэж байгаа болов уу даа” хэмээсэн юм.
Баянзүрхийн булаг нь урд, хойд талаараа олон ундаргатай бөгөөд үүний хоёр нь ширгээд байсан юм. Төслийн хүрээнд тухайн нутгийн 17 өрхийн 21 мянга орчим малыг ундаалдаг булгийн эхийг байгальд халгүй аргаар буюу газар шон суулгахгүйгээр 2023 онд хашиж хамгааллаа.

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зорилтот 4 аймагт нийт 36 булаг хашиж хамгаалахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 20 гаран жил мал маллаж буй удам дамжсан малчин Ууганбаяр: “Уур амьсгал өөрчлөгдөж байна. Зундаа бороо орохоо байгаад, өвөлдөө хүйтрээд ногоо гарахгүй, мал маллахад хүндрэлтэй болж байна. Малын тоо толгой ихсэж бэлчээр их талхлагдаж байна. Үүнээс үүдээд малыг эрчимжсэн мал аж ахуй болгох л зүгээр байна даа. Миний туршлага ч гэж юу байхав. Аавынхаа туршлагаар л мал маллаж байна даа. Миний аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шоовой гэж хүн бий. Манай аав насаараа мал малласан, 90 дөхөж байгаа хөгшин байгаа. Аавынхаа туршлагаар л мал маллаж өдий хүрч байна даа.
Ойрын хэдэн жил бороо хур багатай, өвс, ногооны ургац бага, зутархуу болж байна. Энэ өвөл ялангуяа бүр хаана хаанаа өвс гараагүй, хүйтэн, малынхаа хажууд гардан хариулж тэжээж энэ өвлийг давлаа даа.

Мал маллаж байхад 2009, 2010 оны зуд ч хэцүү байсан. Гэхдээ энэ өвлийг бодоход харьцангуй гайгүй байсан. Тэр үед цаг агаар гайгүй, бороо хур ч их ордог байсан юм.
Одоогийн залуучууд аль болох эрчимжсэн тал руугаа л мал маллах болов уу. Энэ жилийн зудаас харахад залуу улсууд нэлээн мохрох маягтай болсон байна. Олон малтай нь малаа цөөлье. Эрчимжсэн малтай бол хаана хаанаа зүгээр болов уу гэж ярьж байна.
Энэ нутагт 25 орчим жил мал маллан амьдарч байна. Малчин хүний жаргал бол малаа хариулж явахдаа л байдаг. Мал маань эсэн мэнд, тарга хүч сайтай, малынхаа хажууд малаа хариулаад явж байхдаа л жаргалтай байна даа. Малчид бол байгалиа л дагаж байдаг. Зуны тухайд ч яах вэ тэгж ингээд болчхож байна. Өвлийн тухайд, дээр үед чинь цас ороод л өнгөрчихдөг байсан. Одоо өвлийн улиралд цас, шороогоор шуурдаг болсон. Тэр нь л их хэцүү юм.
Манай нутагт малын бэлчээрийн талхагдал ер нь даац хэтэрсэн. Ер нь 80, 90 хувь руугаа явж байгаа шүү. Бэлчээрийн доройтлыг багасгана гэдэг нь малыг цөөлж, эрчимжүүлж байж л бэлчээрийн талхагдлаас хамгаалах байхдаа. Малыг аль болох өвс, ногоотой газар л оторлож явж сэргээх, эсвэл энд тэнд нутагладаггүй газар гэхээр усгүй болчхоод байна. Тэгж л бэлчээрийг бага зэрэг хамгаалах байх. Гэхдээ ус хавччихаад нэг дороо төвлөрдөг болчхоод байна шүү дээ.
Манайд чинь олон булаг, рашаан байсан, харин цөөрөөд байгаа. Манай энэ хавьд чинь Дунд булаг гээд энэ Баянзүрхээс дээш нэг булаг байдаг юм. Цэгээн чулуу гээд нэг булаг байдаг юм. Манай энэ ар талаад хаваржааны ар луу Хөх бух гээд нэг булаг байдаг юм. Миний мэдэхийн энэ хавийн энэ булгууд ерөнхийдөө байхгүй дээ. Одоо Баянзүрхээс өөр булаг байхгүй боллоо. Наран гээд энэ доогуур сайхан булагтай газар байсан. Одоо ёстой юу ч байхгүй боллоо. Үндсэн булаг одоо манай энд Баянзүрх л үлдэж байх шив дээ.
Ерөнхийдөө байгаль, цаг уур, хоёрт малын даац хэтэрснээс бага усан дээр их шавж талхалснаас л ер нь булаг ширгэж байгаа болов уу даа.
Малчид ер нь малынхаа тоо, толгойг цөөлөөд чанаржуулаад байвал одоо ер нь бэлчээрийн даац гээч юм багасна. Мөн малыг эргэлтэд сайн оруулбал бэлчээрийн даац жаахан тогтворжиж магадгүй дээ.
Малын чанар хуучин чанараасаа бол багасчихсан шүү дээ. Манай хөдөө орон нутагт чинь махны үнэ цэн, малын хөрс чинь үнэгүйдээд тэрнээс болж малчид маань тоо толгойн араас хөөцөлдөөд малын ашиг шим муудах тал руугаа орж байна даа.