
“…- Та өөрийгөө танилцуулахгүй юу?
-За, би Батаа гэж айлын эхнэр байна аа…
-Уучлаарай, та нөхрийнхөө биш, өөрийнхөө нэрийг хэлэх юм шүү…
”Энэ бол өнгөрсөн наймдугаар сард Ховд аймгийн Манхан суманд сурвалжилга хийж явахад өрнөсөн нэгэн ярианы эхлэл. Өөр хэд хэдэн эмэгтэйгээс ярилцлага авахаар танилцах үед өрхийн тэргүүнийхээ нэрийг хэлээд, өөрийнхөө нэрийг орхиж буй тохиолдол гарсаар байлаа. Хөдөө нутагт, тэр дундаа баруун аймгуудаар уламжлалаа хадгалсан энэхүү соёл нь эмэгтэйчүүдийн асуудлыг орхигдуулах үндэс суурь болдог гэдгийг хөгжингүй улс орнууд жендэрийн бодлогоороо таниулсаар иржээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд эмэгтэйчүүд, хүүхдүүд илүү өртдөг. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагаас жил бүр гаргадаг “Жендэрийн тойм 2025” тайланд“Хэрэв одоогийн чиг хандлага үргэлжилбэл, 2030 он гэхэд дэлхий даяар 351 сая охид, эмэгтэйчүүд туйлын ядууралд амьдарсаар байх бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ), тэр дундаа 5-р зорилт болох жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах зорилт биелэхгүй” гэжээ. Энэ нь дэлхийн улсууд тэгш байдлыг үл тоож, энэ чиглэлд хөрөнгө оруулахгүй, улс төрийн шийдвэр, төрийн бодлогодоо тусгахгүй байгаагаас үүдэлтэйг онцолсон. Харин эсрэгээрээ, жендэрийн ялгааг арилгах бодит арга хэмжээнд хөрөнгө оруулбал дэлхий даяар:
- 343.5 сая эмэгтэй ашиг хүртэж,
- 30 сая эмэгтэйг ядуурлаас гаргаж,
- 1.5 их наяд ам.долларын нэмэлт ДНБ-ийг 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт бий болгож чадна гэж тооцоолжээ.
Тэгвэл Монгол Улсад хөдөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?
Монгол Улсын хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдардаг гэсэн мэдээлэл байдаг. Харин үүнийг баталгаажуулахаар Үндэсний статистикийн хорооны малчидтай холбоотой бүлэгт хайж үзэхэд малтай өрхийн тооноос эхлээд худаг ус, цахилгаан үүсгүүр, гар утас, оёдлын машиныг хүртэл тоолдог атлаа малчин эмэгтэйчүүдийн үзүүлэлтийг гаргадаггүй аж. Түүнчлэн мал аж ахуйн бүлэгт малын тоо толгой, төл бойжуулалт, хоргодол, түүний шалтгаан, гахай, шувуу гэх мэтээр малаа ангилсан байдаг. Харин малчин эмэгтэй, малчдын хүүхдүүдийн талаар статистик шууд харах боломжгүй байна. Тиймээс НҮБ-ын дата мэдээллээс шүүж үзэхэд 2024 оны байдлаар 497,743 эмэгтэй /нийт хүн амын 14 орчим хувь/ хөдөө орон нутагт амьдарч байна гэжээ.
2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсанаас хойш хүйсийн тэгш байдлыг хангах чиглэлээр үе шаттай бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлсээр ирсэн. Уг хуульд цаашид гарах хууль тогтоомж нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах хэм хэмжээг дордуулахыг хориглосон заалттай. Тиймээс үе шаттайгаар сайжруулж буй ажлууд, хууль эрх зүйн орчинд Монголын хөдөөгийн эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломжийн талаар тусгаж, асуудал дэвшүүлсээр иржээ.
Жендэрийн Үндэсний Хорооны 2022 оны 02 дугаар тогтоолоор “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө” (2022-2031)-г баталсан ба “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” гэж 5-р зорилгоо томъёолсон байна. Зорилгын 5.1.7-д “Уур амьсгалын санхүүжилт, түүний дотор Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй төслүүдийн хэрэгжилтэд жендэрийн үнэлгээ хийж, зөвлөмж гаргаж хэрэгжүүлнэ” гэдгээ тусгаж, 2026 он гэхэд 70 хувь, 2031 онд 100 хувийн биелэлттэй байхаар зорьж байна.
Энэ оны дөрөвдүгээр сард НҮБХХ-өөс улс орнуудад хэрэгжүүлж буй төслүүдээ үнэлж, Монгол дахь АДАПТ төслийг оны шилдэг үнэлгээтэйгээр шалгаруулсан бөгөөд жендэрийн тэнцвэрийг хангаж байгааг нь онцлон сайшаасан. Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудтай танилцах явцад эмэгтэйчүүдийг дэмжиж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, зах зээлд өндөр орлого хүртэх талаар сургалт орж мэдлэг, мэдээлэл олгоод, эрхэлдэг аж ахуйд нь санхүү, тоног төхөөрөмж, туршлага, арга зүйгээр тусалсаар ирсэн нь үнэхээр онцлохуйц байлаа. Тэдний заримтай нь одоо уулзуулъя.
Өв соёлоо үр хойчдоо…

Дорнод аймгийн Баянтүмэн сумын төвд эмэгтэйчүүдийг дэмжих танхим бий. Тэнд И.Ариунбат даргатай “Дунгийн салхи” хоршооны гишүүн эмэгтэйчүүд цаашдын төлөвлөгөөгөө гаргах, сургалтад хамрагдах зэргээр сардаа, заримдаа улиралдаа нэг цугладаг. Тус хоршооны үнэт зүйлийн нэг нь уламжлалт өв соёлыг хоол хүнсээр дамжуулан үр хойчдоо таниулах бөгөөд зүүн аймгуудад ч ховор үзэгдэх үзэмчин цай, бусад амтат хоолоор үйлчилдэг кофе шоп ажиллуулдаг. Үүний зэрэгцээ монгол малын шимт махыг борцлох, амталж хатаах зэрэг олон төрлөөр боловсруулсан бүтээгдэхүүнүүд болон цагаан идээ үйлдвэрлэдэг. Хоршоонд 36 өрхийн 129 гишүүн нэгдсэн бөгөөд малын гаралтай түүхий эдийг чанар, стандартын шаардлага хангасан байдлаар бэлтгээд сурчихсан, түүнийгээ зах зээлд өндөр үнээр борлуулсаар иржээ. Түүнчлэн АДАПТ төслөөс өгсөн 20 тоннын багтаамжтай хөргүүртэй чингэлэгтээ зун нь мах хямд байх үед нөөцөлж аваад ханшийн өсөлтөд өртөхөөргүй болжээ. Мөн хоршооны гишүүн эмэгтэй төслийн хүрээнд явагддаг сургалтуудад сууснаар кофены хаягдал шаар ашиглан гоо сайхны бүтээгдэхүүн буюу органик гуужуулагч, уруулын бальзам зэргийг үйлдвэрлэж, орлогын сувгаа нэмэгдүүлсэн байна.
Саалиа бэлдэхээр саваа бэлд

Цагаан-Овоо суманд 2013 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн “Элст цагаан тэмээт” хоршоо бий. Малчид сүү цагаан идээгээ хоршоондоо өгч, өрөм, ааруул, ээзгий, зайрмаг гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд гишүүдийн дэмээр үйлдвэрийн байраа барьжээ. Ийнхүү стандартын байртай болсноор тохирлын гэрчилгээгээ авч, энд боловсруулж савласан цагаан идээгээ аль ч дэлгүүрт борлуулах үүд хаалга нээгдсэн аж. Тиймээс гишүүд урд урдынхаас илүү их бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аймаг, нийслэлд сумын брэндээ хүргэхээр зорьж байна. Хүчин чадал нэмэгдэхийн хэрээр сүүгээ хадгалах сав амин чухал хэрэгтэй болж, АДАПТ төслөөс 500 литрийн хөргүүртэй сүүний банк өгсөн нь нүдээ олсон дэмжлэг байлаа. Хоршооны дарга Ц.Алтангэрэл “Манай буриад басгад ажилтайгаараа алдартай. Хоршоог анх 9 гишүүн 20 үнээтэй нийл байгуулж байлаа. Тэр цагаас хойш санаа нийлсэн гишүүд нэмэгдсээр, өнөөдөр сүү цагаан идээгээ боловсруулж, өөрийн гэсэн брэндээ орон нутаг төдийгүй, нийслэлд таниулахаар зорьж байна” гэсэн юм.Дорнод аймагт бүртгэлтэй 403 хоршоо байгаагаас 151 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээрийн 34% нь эмэгтэй даргатай.
Завханы эмэгтэйчүүд Тува тийш зах зээлээ тэлжээ

Завхан аймгийн “Цэцэн хайрхан, Цэгээн нуур” хоршооны бүсгүйчүүд мал бойлох үеэр хог дээр хаягддаг өөхийг ашиглаж, саван хийж борлуулж болох юм гэдгийг эртнээс ярьдаг байжээ. АДАПТ төсөл тус аймагт хэрэгжиж эхэлснийг мэддэг болсон хойноо савангийн сургалтад сууж, үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэйгээ уламжилсан байна. Ингээд төслөөс саван хийх аргыг зааж, тоног төхөөрөмж, хэв зэргээр хангажээ. 2024 оны сүүлээр сургалтдаа суусан бүсгүйчүүд 2025 оны цагаан сарын өмнө цуглуулсан бүх өөх, тосоороо гурван төрлийн саван үйлдвэрлэн бэлтгэв. Ингээд аймгийн засаг даргаасаа борлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн нь нүдээ олжээ. Учир нь аймгийн засаг дарга эмэгтэйчүүдийн хоршоог дэмжиж, саванг нь аймгийн иргэдийг худалдан авахыг уриалснаар бүх савангаа борлуулж, 4.5 сая төгрөгийн орлоготой болов. Ингээд эргэлтийн хөрөнгө болгож, торго, бүс материал аваад дээл оёж эхэлсэн ажээ. Ийнхүү Я.Нарангэрэлээр удирдуулсан хоршооны эмэгтэйчүүд оёсон дээл хувцсаа наадмаар заримыг нь борлуулж, үлдсэнийг нь Тува улсад болох үзэсгэлэн худалдаанд авч явахаар нөөцөлж байлаа.
УУР АМЬСГАЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА, БИД Ч БАС…
Энэхүү нийтлэлийг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд зохион байгуулж буй “БЭЛ+” аяны хүрээнд бэлтгэв.
