
Улаанбаатар хот, 2025.11.25
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй АДАПТ төсөл болон ОБЕГ хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам” сэдэвт олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг НҮБХХ-ийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао болон ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг нар нээж үг хэллээ. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Лин Цао нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсад зудын эрсдэл улам нэмэгдэж буй энэ үед нөлөөлөлд суурилсан урьдчилсан таамаглал нь эрт үеийн бэлтгэл, оновчтой шийдвэр гаргалтыг хангах хамгийн үр нөлөөтэй хэрэгсэл юм. Эрсдэл, эмзэг байдлын мэдээллийг эрт сэрэмжлүүлэгтэй уялдуулснаар бид малын хорогдлыг бууруулах, малчин өрхүүдийг дэмжих, улмаар аливаа гамшигт үзэгдлийг хохирол багатай даван туулах, урьдчилан сэргийлсэн шийдвэрийг цаг тухайд нь гаргах боломжтой. Бидний зорилго бол урьдчилан тооцоолсон, бүхнийг хамарсан, уян хатан бэлэн байдлын тогтолцоог бүрдүүлж, хохирлыг бууруулан, нэг ч малчин өрх хоцрохгүй байх нөхцөлийг хангах явдал. 2025-2026 оны хүндхэн өвөл өмнө ирж буй энэ үед энэхүү ажил урьд урьдынхаас илүү чухал болоод байна” гэдгийг онцлон дурдсан юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг хэлэхдээ “Зудын эрсдэлийг бууруулахад эрт сэрэмжлүүлэх болон эрт хариу арга хэмжээ авах олон улсын туршлага онцгой ач холбогдолтой. МУЗН-аас хэрэгжүүлж буй цаг уурын мэдээлэлд суурилсан санхүүжилтийн механизм нь малчдад шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж, урьдчилан хамгаалах тогтолцоонд тодорхой хувь нэмэр болж байна. Эдгээр сургамжийг үндэсний бодлогод тусган, салбар хоорондын уялдааг сайжруулах нь зүйтэй. Даатгалын механизм болон эрт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Тус хэлэлцүүлэгт зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллагч төрийн байгууллагууд, олон улсын донор байгууллагууд, элчин сайдын яамд, хувийн хэвшил, даатгалын салбарын төлөөллүүд биечлэн оролцсон бол 21 аймгийн Онцгой байдлын газар, МЭГ, ХХААГ-ын албан хаагчид болон малчдын төлөөлөл цахимаар оролцон санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр “2025-2026 оны өвлийн цаг уурын төлөв ба зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” илтгэлийг УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Д.Гомболүүдэв, “Сүүлийн жилүүдийн зудын нөхцөл байдал, нөлөөлөл” илтгэлийг ХХААХҮЯ-ны МАА, генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Гантулга, “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг Үндэсний давхар даатгалын системд ашиглах нь” илтгэлийг Үндэсний Давхар Даатгал ХК-ийн төлөөлөл Д.Энхбилэг нар тус тус танилцууллаа.
Улсын хэмжээнд зудын өмнө урьдчилсан бэлэн байдлыг хангах, эрсдэлийн урьдчилсан мэдээнд тулгуурлан санхүүжилтээ шийдвэрлэх нь эрсдэлийг хохирол багатай даван туулах чухал арга механизм учраас АДАПТ төслийн хүрээнд “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ” болон “Урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт”-ийн аргыг нэвтрүүлэх чиглэлээр шат дараатай ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлжээ. Эдгээр ажлын хүрээнд тодорхой ахиц дэвшил гарсаар байгаа ч, шинэлэг аргачлалыг хооронд нь уялдуулах замаар үндэсний болон орон нутгийн түвшинд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэх шаардлага хэвээр байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

“Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”-ний газрын зураг болон эрсдэл, эмзэг байдлын үнэлгээг хослуулснаар шийдвэр гаргагчид нөөцийг илүү үр ашигтай хуваарилж, урьдчилсан хариу арга хэмжээг идэвхжүүлэх боломжтойн зэрэгцээ цаашид малын индексжүүлсэн даатгалын схемийг сайжруулах, төр, хувийн хэвшил, малчид эрсдэлийг хамтдаа даван туулах нөхцөл бүрдэх аж. Түүнчлэн, “Урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” нь эрсдэлийн урьдчилсан мэдээнд тулгуурлан, эмзэг бүлгийн малчдад зудын өмнө цаг алдалгүй тусламж хүргэх боломж бүрдүүлдэг учраас банк, санхүү, даатгалын байгууллагууд энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд оролцогч талууд хамтран, урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийг үндэсний эрт сэрэмжлүүлэг болон гамшгийн хариу арга хэмжээний системд нэгтгэж, бодит санал, зөвлөмж боловсруулах юм.
