
“Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төслийн удирдах хорооны ээлжит хурал өнөөдөр боллоо.
Удирдах хорооны хурлыг БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр даргалан явууллаа. Хурлаар төслийн 2025 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг сонсож, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталсан юм.
Энэхүү төслийг Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгуудад хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 2022-2025 онд 2014 га талбайд татмын ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа, 865 га талбайд хадлан тэжээлийн нөөц бүрдүүлж, 15,806 га талбайд бэлчээр сэлгэлтийг 8 багийн хэмжээнд хэрэгжүүлж, онцгой үед ашиглах өвс тэжээлийн 51 агуулах барьж байгуулах болон засварлаж, бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор нийт 110 худаг гаргаж, бага оврын 6 хөв цөөрөм барьж байгуулах ажлыг гүйцэтгэсэн байна.
Улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, гарал үүсэл нь тогтвортой, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн чанарыг сайжруулж, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэхэд малчдын чадавх бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлж байна. Tөр хувийн хэвшил түншлэлийг дэмжиж ноолуур, сарлгийн хөөвөр, мах боловсруулах үндэсний болон орон нутгийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүд төслийн үр шим хүртэгч 158 хоршоотой мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлж хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Мөн тус төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод”, “Цагаан Алт”, “Шинэ Хоршоо” зэрэг үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд томоохон хувь нэмэр оруулж, амжилттай хэрэгжиж бодит үр дүнгээ хөдөө аж ахуй болон байгаль орчны салбарт оруулсаар байна.
Төслийн хүрээнд зудын эрсдэлийн индекс, хуурайшлын индексийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж, 2030 болон 2050 он хүртэлх прогнозыг 330 сумын хэмжээнд тооцон гаргасан нь бодлого, төлөвлөлтийн түвшинд ашиглагдахуйц онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн болж, 2025 онд үргэлжлэн хэрэгжиж байна.
Эдгээр уур амьсгалын эрсдэлийн индексийг үндэсний болон орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, төсвийн хуваарилалтад ашиглах нь гамшгийн эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг системтэйгээр бэхжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь Уур амьсгалын ногоон сан болон НҮБ-ын уур амьсгалын хэлэлцээрүүдийн зорилго, зарчимтай бүрэн нийцэж байгаа нь онцлог юм.
Мөн төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт суурилуулсан өндөр хүчин чадлын супер компьютер нь уур амьсгалын мэдээлэл, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог шинэ түвшинд гаргаж, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг бодитоор дэмжих чадавхыг Монгол Улсад бүрдүүллээ. Энэ нь дасан зохицох арга хэмжээг илүү оновчтой төлөвлөх, хариу арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Эдгээр үр дүн нь зөвхөн төслийн хүрээнд хязгаарлагдахгүй, Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах сайн туршлага, бодит жишээ болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. АДАПТ төсөл нь Монгол Улсын гандуу, хуурай бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох оновчтой шийдлүүдийг хэрхэн хэрэгжүүлж болохыг бодитоор харуулж байна.
Цаашид төслийн хүрээнд бий болсон үр дүн, чадавх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, бодлогын шийдлүүдийг тогтвортой хадгалж, өргөжүүлэхэд анхаарч ажиллах юм. Энэ хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангасан төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.
НҮБХХ-ийн тухай
НҮБХХ нь ядуурал, тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шударга бус байдлыг эцэслэх зорилго бүхий НҮБ-ын тэргүүлэх байгууллага юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэргэжилтнүүдийн өргөн цар хүрээт хамтын ажиллагааны дүнд эх дэлхий, хүн бүрийн сайн сайхны төлөө хөгжлийн урт хугацааны, цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилладаг.
АДАПТ төслийн тухай:
Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), БОАЖЯ, ХХААХҮЯ хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг сайжруулах нь” (АДАПТ) төсөл нь Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт 2021-2028 онуудад хэрэгжиж байна.
Дэлгэрэнгүйг мэдээллийг:

Утас: 75057506, Е-мэйл хаяг: info@gcf-rural.mn Фэйспүүк хаяг: АДАПТ төсөл
