“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь-АДАРТ” төслийн хүрээнд бий болсон нэг цэгийн загвар хоршооны сайн туршлагыг Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн 24 сумын малчдын хоршоодод түгээн дэлгэрүүлэх, хоршоодын засаглал, менежментийг бэхжүүлэх цогц сургалт, зөвлөх үйлчилгээ амжилттай хэрэгжиж байна.

Энэхүү ажлын хүрээнд гарал үүсэл нь баталгаатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх чадавхыг нэмэгдүүлэх, хоршоодын удирдлага, гишүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад онцгой анхаарч байна.

Хоршоодыг дараах чиглэлээр чадавхжуулж байна.

  • Хоршооны засаглал, менежментийн төлөвлөгөө боловсруулах Хоршоодын хөгжлийн хэрэгцээ, өнөөгийн нөхцөл байдалд тулгуурлан засаглал, менежментийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтэд нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
  • Удирдлагын сургалт зохион байгуулах Хоршоодын удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх албаны ажилтнуудад менежмент, санхүү, нягтлан бодох бүртгэл, байгууллагын зохион байгуулалтын чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
  • Гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалт Хоршооны гишүүдэд эрх зүйн мэдлэг олгох, эрх үүргээ ойлгох, хоршооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, хяналт тавих ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
  • Сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх Нөөц ашиглалтын гэрээ байгуулсан, “Эрүүл сүрэгтэн” малчдын бүлэг байгуулж малын халдварт өвчнөөс эрүүл, тайван сүргийг бүрдүүлсэн, хурга махлуулж зах зээлд нийлүүлсэн, нэг цэгийн загвар хоршоо хөгжүүлсэн зэрэг сайн туршлагыг түгээн дэлгэрүүлж байна.
  • Туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулах Хоршоодын төлөөлөл, удирдлагуудыг жишиг хоршоодын үйл ажиллагаатай танилцуулж, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр туршлага судлуулах ажлыг зохион байгуулж байна.
  • Мэргэшүүлэх сургалт хэрэгжүүлэх Хоршоодын санал санаачилга, орон нутгийн нөөцөд тулгуурлан мах, сүү, ноос, ноолуур, арьс шир, малын тэжээл болон жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулж байна.
  • Төсөл боловсруулах чадавхыг дэмжих Хоршоодын хөгжлийн санал санаачилгад тулгуурлан төсөл боловсруулах, санхүүгийн эх үүсвэрт холбогдох, шаардлагатай баримт бичиг боловсруулах чиглэлээр зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байна.
  • Бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх Хоршоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах худалдааны цэг, дэлгүүр бий болгох, тогтвортой зах зээлтэй холбох чиглэлээр арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
  • Үзэсгэлэн, арга хэмжээнд оролцоог нэмэгдүүлэх Үндэсний болон орон нутгийн үзэсгэлэн худалдаанд хоршоодыг оролцуулах, “Улсын шилдэг хоршоо”, “Оны тэргүүний аж ахуйн нэгж” зэрэг шалгаруулалтад нэр дэвшүүлэх, сайн туршлага, бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.
  • Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх Хоршоодыг цаашид дундын болон жишиг загвар хоршоо болгон хөгжүүлэх стратеги, зорилтыг тодорхойлж, орон нутгийн удирдлагатай хамтран “Санамж бичиг” байгуулан хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна.

Сургалтыг Дорнод аймгийн Матад сумын “Замын хургалжийн малчид”, Завхан аймгийн Сантмаргац сумын “Буяндэлгэрэх маргад”, Ховд аймгийн Зэрэг сумын “Таван-Эрдэнэ”, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын “Алтанцацрал” зэрэг хоршоодоос эхлүүлэн зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалтаар хоршооны ач холбогдол, сайн туршлага, гишүүд болон хяналтын зөвлөл, удирдлагын эрх үүрэг, дүрэм журмын хэрэгжилт, засаглалын оновчтой шийдлийн талаар мэдлэг олгож, хоршооны өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж байна.

Үнэлгээний ажлын зорилго нь хоршоодын өнөөгийн чадавх, хөгжлийн түвшинг тодорхойлох, үр дүнг төлөвлөлт, менежментийн хэрэгсэл болгон ашиглах, хоршоод өөрсдийн сул талаа үнэлж сайжруулах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Мөн энэхүү үнэлгээ нь хоршоодын цаашдын хэрэгцээг тодорхойлох, төсөл болон хоршоодын хамтын ажиллагааг сайжруулах бодлого, стратеги боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Цаашид хоршоо бүртэй хамтран сургалт, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг үе шаттайгаар ханган ажиллах бөгөөд уг төлөвлөгөөг орон нутгийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлэн улам боловсронгуй болгон хэрэгжүүлэх юм.

АДАПТ төслийн хүрээнд хэрэгжүүлж буй тус үйл ажиллагаа нь төслийн зорилтот Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн 24 хоршоонд хэрэгжих бөгөөд 2027 оны 3-р улирал хүртэл үргэлжлэх юм.

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *